Монгол улсад гэр оронгүйдлийн асуудлыг бууруулах, үгүй болгоход тулгарч буй сорилт бэрхшээл, боломжууд
Монгол улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зориулж Дэлхийн гэр оронгүйдлийн асуудлаарх хүрээлэнгээс боловсруулан хүргэв
Танилцуулга Дэлхийн Гэр Оронгүйдэлтэй Тэмцэх Хүрээлэн (ДГОХ) -гийн төлөөлөгчид Хөдөлмөр,
Нийгмийн Хамгааллын Яамтай байгуулсан “Вангаард Хөтөлбөрийн Улс орнуудтай хийх Хамтын Ажиллагаа”(цаашид Вангаардын хөтөлбөр гэх)-ны хүрээнд 2024 оны 3-р
сарын 4-нөөс 12-ны хооронд Монгол Улсад айлчлав. Улаанбаатар хотод байх үеэр бид хатагтай Б.Ундралаар ахлуулсан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны ажилтнууд, Нийслэлийн засаг даргын орлогч Одсүрэнгийн Номинчимэг, Үндэсний Статистикийн Хорооны дарга Батмөнхийн Батдаваа, Барилга, Хот Байгуулалтын Яам зэрэг төр засгийн төлөөлөл, Нэгдсэн Үндэсний Байгууллагын агентлагуудын төлөөлөгчидтэй уулзаж, түр хоноглох байруудтай танилцав. Дархан-Уул аймагт бид С.Энхболд даргатай Аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын хамтран ажилладаг байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзаж, түр хоноглох байрууд, шинээр байгуулагдсан архины зүй бус хэрэглээний эмчилгээний төвд зочлов. Мөн тус аймагт бид хөдөө орон нутгийн уламжлалт малчин гэр бүлд зочилж ажил амьдралтай нь танилцсан. Бидний айлчлалд Когнос Интернэйшнл судалгааны компанийн захирал Ө.Эрдэнэчимэг ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм.
Энэхүү айлчлал нь Монгол Улсыг гэр оронгүйдлийн судалгаа, тооцоолол хийх, энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 3-р сард гарын үсэг зурсан “Вангаард Хөтөлбөрийн Улс орнуудтай хийх Хамтын Ажиллагаа”-ны гэрээний хүрээнд хийгдсэн юм. Айлчлалын үеэр Монгол улсад гэр оронгүйдлийг арилгахын төлөө тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүс, төр засгийн ажилтнууд болон бусад оролцогч талуудын хүчин чармайлт гаргаж буйд маш их сэтгэл ханамжтай байна. Мөн бид олон улсын судалгаан дээр үндэслэн гэр оронгүйдлийг бүрэн дүүрэн урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх системийг бий болгох хэрэгцээ шаардлагын талаар ярилцсан. Энэхүү тайлангаар Монгол улсад гэр оронгүйдлийг таслан зогсоох ажлыг хурдасгах олон улсын
шилдэг туршлага, ололт, мэдээллийг танилцуулж байна. Бидний зочилсон түр хоноглох газрууд цэвэр нямбай, үйлчлүүлэгчиддээ өндөр түвшний анхаарал халамж тавьж байсан ба үйлчилгээгээ улам илүү олон төрөл болгож, ажилтнууд нь хандлага, арга барилаа улам сайжруулахыг эрмэлзэж байгаа нь харагдсан. Дархан-Уул аймгийн удирдлага хөдөлмөр эрхлэлт, бичиг баримт, халамж үйлчилгээ зэргийг иргэдэд нэг дороос үзүүлэхээр төвлөрүүлсэн бөгөөд, сэргээн засах төв, орон сууцжуулах зэрэг шинэ хөтөлбөрүүдийг туршихаар ажиллаж эхлээд байна. Цагдаа, боловсрол, эрүүл мэнд, хотжилт зэрэг олон салбарт гэр оронгүйдлийн асуудал улам ихээр хөндөгдсөөр байна. Энэ талын мэдээллийн эх үүсвэрүүд хангалттай байгаа ба Азийн Хөгжлийн Банкны захиалгаар хийгдсэн судалгаанд хэрэгтэй чухал мэдээллүүд байна. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахуйц бодлогын шийдвэр гаргах, шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ эдгээр судалгааны мэдээллүүдийг ашиглах л хэрэгтэй байна.
Одоо байгаа давуу талууд дээрээ үндэслэн тогтолцоог зөв тал руу нь өөрчлөх, гэр оронгүй иргэдийн нөхцөлийг сайжруулах дараах боломжууд байна:
- Гэр оронгүй хүмүүсийг түр хоноглох байрнаас тогтвортой, байнгын гэр оронд шилжүүлэхийн тулд орон сууц, байрны сонголтыг өргөжүүлэх;
- Тусламж үйлчилгээг улам илүү сайжруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдтэй уялдаа холбоог бэхжүүлэх;
- Эмэгтэйчүүд, хүүхэдтэй ээжүүд гэх зэрэг харилцан адилгүй хэмжээний орлоготой хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор хямд үнэтэй орон сууцны хувилбарыг олшруулах;
- Цаг уурын өөрчлөлт болон ажил хөдөлмөр эрхлэх хэрэгцээ шаардлагын үүднээс хөдөө орон нутгаас хот руу шилжин суурьшиж буй хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар гэр оронгүйдлээс урьдчилан сэргийлэх.
Монгол улс гэр оронгүйдлийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монголд байгаа гэр оронгүй иргэд амь насаа алдах өндөр эрсдэлтэй, онцгой эмзэг нөхцөлд байна. Урьд урьдаас илүү олон хүн баталгаат бус байранд амьдарч байгаа ба үүний зэрэгцээ амьдрах зардал улам ихэсч байгаа энэ үед улам олон хүмүүс гэр оронгүй болох эрсдэл дунд байна. Одоогоор үндэсний хэмжээнд гэр оронгүй хүмүүсийн тоог гаргах, түүнчлэн гэр оронгүйдлийн талаар иж бүрэн цогц бодлого байхгүй байна. Гэр оронгүйдэл нь Монгол улсын хувьд үхэл амьдралын асуудал болсон байгаа ч зөв зохицуулалт, төр засгийн хүчтэй удирдлагатайгаар гэр оронгүйдлийн асуудлыг шийдвэрлэж болдгийг та бид мэднэ. Гэр оронгүйдлийн асуудлыг цогцоор нь шийдсэнээр Хөгжлөөс хэн ч үлдэж, орхигдох ёсгүй гэсэн НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэхээр урагшилж байгаа Монгол улсад түлхэц болж өгөх юм.
Дэлхийн Гэр Оронгүйдэлтэй Тэмцэх Хүрээлэн Монгол улсын ХНХЯ-тай 2023 оны 3-р сард гарын үсэг зурсан “Вангард Хөтөлбөрийн Улс орнуудтай хийх Хамтын Ажиллагаа”-ны гэрээний дагуу Монгол улсыг дараах зорилгын хүрээнд дэмжин ажиллах болно:
- Монгол улсад Гэр оронгүйдлийг бууруулах, таслан зогсоох үндэсний бодлого боловсруулах;
- Үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд гэр оронгүй байсан ба одоо гэр оронгүй амьдарч байгаа иргэд, ТББ-уудтай зөвлөлдөх;
- Улаанбаатар, Дархан болон хөдөө орон нутагт гэр оронгүйдлийн тархсан байдлыг газарзүйн хувьд тогтоох, суурь судалгааны эхлэл бий болгох зорилгоор 2024 онд анх удаа “Тухайн цаг мөч”-ид буюу нэг шөнийн дотор тоолох судалгааны аргаар тооллого явуулах;
- 2024 онд гэр оронгүйдлийг бууруулах зорилтуудыг тогтоох.
Вангаард хөтөлбөрийн дараагийн алхмууд:
- Иргэний нийгэм, цагдаа, төрийн байгууллагууд (эрүүл мэнд, боловсрол, барилга, хот төлөвлөлт)-ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан 2024 оны “Тухайн цаг мөч” тооллогыг төлөвлөх ажлыг эхлүүлэх;
- Иргэний нийгмийг хамруулсан оролцогч талуудын судалгааг жилд нэг удаа хийх;
- НҮБ-ын Гэр оронгүйдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах иж бүрэн цогц бодлогууд, холбогдох нэршил, хэмжих нэгжийн талаарх шийдвэр, зөвлөмжүүдтэй нийцсэн бодлогын баримт бичгийг боловсруулах.